Салхины шил арчигч
Цахилгаан хөдөлгүүрийн эргэлтийг араат механизмаар дамжуулан баруун зүүн тийш хөдөлгөөнд хувиргаж автомашины салхины шилийг арчина.
Шил арчигч ажиллахгүй байвал
Бороо цастай агаарын таагүй нөхцөлд шил арчигч ажиллахгүй байх нь үзэгдэх орчныг хязгаарлаж жолоо барихад хүндрэлтэй болдог. Хэрэв таньд ийм үе тохиолдвол та копутаа сөхөн шил арчигч шингэний нөөц саванд шингэн байгаа эсэхийг, шингэн дамжуулах хоолойнууд тасарсан болон бөглөрсөн эсэхийг, гал хамгаалагч шатсан зэргийг сайтар нягталж үзэн шалгаарай.
Шил арчигч шингэн сайн шүршихгүй байвал
Шил арчигч шингэн сайн шүршихгүй байх нь мэдээж хэрэг хүндрэлтэй зүйл. Таны автомашины шил арчигч шингэний шүршигчийн чиглэл өөрчлөгдөн сарниж дээшээ гүйцэт сайн шүршихгүй байгаа тохиолдолд та ердийн зүүг ашиглан шүршигчийн жижиг нүх рүү оруулж зөөлөн холхиулах хөдөлгөөнөөр шүршигчийн чиглэлийг өөрчилж болдог байна.
Шил арчигчийн шингэн шүршигчийн жижиг нүх нь дотор талдаа шингэн шүрших чиглэлийг барих холхивчтой байдаг байна.