Агаарын хөлөг үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг Америкийн "Terrafugia” корпораци нисдэг машин зохион бүтээснээ жилийн өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл уг машиныхаа сайжруулсан хувилбарыг олон нийтэд танилцуулжээ. Энэ удаа тэд аюулгүй байдлыг нь найдвартай хангаж, даацыг 210 кг хүртэл нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн машины сүүл хэсэгт хос жигүүр нэмсэн аж.
Машин 185 км/ цаг хурдлах боломжтой бөгөөд хоёр хүний суудалтай, хоёр метр өндөр, зургаан метр урт. Далавчаа дэлгэхэд найман метр хүртэл өргөн болно. Нисэх тусгай зөвшөөрөлтэй хүмүүс л тэнгэр, газрын унааг хөлөглөх боломжтой гэнэ. Ирэх оноос эхлэн худалдаанд гарах уг машин 194 мянган долларын үнэтэй.