-TOTAL-н мэргэжилтэн зөвлөж байна-
Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан хэрэглэгчид маань автомашиныхаа тос тосолгооны материалыг солих ажил ид өрнөдөг. Тиймээс автомашин хэрэглэгч Та бүхэндээ хөдөлгүүрийн тосны чанар, стандарт, ангиллын талаарх мэдээллийг хүргэж байна.
Улирлаас хамаарч хөдөлгүүрийн тосоо сонгоорой
Улирлын байдал, автомашины тань хөдөлгүүрийн төрөл, хэмжээ, тос үйлдвэрлэгчээс өгсөн зөвлөмжөөс гадна хөндлөнгийн байгууллагуудын гаргадаг чанарын ангилал, нормуудыг анхаарах нь чухал. Мөн үйлдвэрлэгчийн буюу брэндийн нэр хүнд ч чухал байдаг. Таны автомашин бензин болон дизель хөдөлгүүртэй эсэх, суудлын, дунд оврын, эсвэл ачааны аль ангилалд хамаарахаас шалтгаалаад тохирсон зориулалт бүхий тосыг сонгоорой.
Тосны зууралданги хэт их байвал шатахуун их зарцуулах, бага байвал элэгдэл хорогдол их гардаг. Тиймээс эдгээр шинж чанарыг харгалзан, улирлын байдалдаа зохицуулан үйлдвэрлэгчээс өгсөн зөвлөмжийг дагах ёстой. Тухайн автомашины гарын авлага дээр үйлдвэрлэгчээс хэрэглэгдэх тосны зууралдангыг зааж өгсөн байдаг. Үүнийг дагавал шатахуун зарцуулалт болон элэгдэл багасдаг.
Хөдөлгүүрийн тосны зууралданги чанарын тухай
Зууралданги бол аливаа шингэн бодисын урсамтгай физик шинж чанарыг илэрхийлж байгаа юм. Зууралданги чанар температураас хамаарч өөрчлөгдөх буюу халуунд багасч хүйтэнд ихэсдэг. Жишээ нь, ус зөгийн балнаас илүү урсамтгай байдаг нь түүний зууралданги бага байгаатай холбоотой.
Гэтэл усыг 0-с доош градуст байлгавал зайрмагтаж аажмаар хөлддөг бол зөгийн балыг халаахад зууралданги нь багасч шингэн, урсамтгай болдог. Тосолгооны материалын зууралданги чанар хөдөлгүүрийн ажиллах орчны болоод ялангуяа гадаад орчны температурын нөлөөнд мөн адил өөрчлөгдөж байдаг. Зууралданги багатай шингэн тос өвлийн хүйтэнд автомашины хөдөлгүүрийн эд ангийн хооронд тослох хальс хялбар үүсгэхэд чухал нөлөөтэй ч хэт шингэн байх нь тэдгээрийн элэгдлийг хурдасгадаг.
Харин эсрэгээр өтгөн байх нь тослох чанарыг дээшлүүлдэг ч, хэт өтгөн бол эд ангиудын хөдөлгөөнийг сааруулж, цаашлаад шатахуун зарцуулалтыг ихэсгэдэг. Тэдгээрийн хоорондох тохиромжтой балансыг барих нь тос үйлдвэрлэгчдийн хувьд анхаарлаа хандуулдаг чухал сэдвүүдийн нэг юм.
Хөдөлгүүрийн тосны савлагаа, шошгон дээр зууралдангийн талаар тэмдэглэгээ байдаг
Аливаа хөдөлгүүрийн тосны савлагаа, шошгон дээр 5W40 гэх мэтийн тэмдэглэгээ байдаг. Энэ 2 цифрийн эхнийх нь өвлийн тосны, харин арын цифр нь зуны тосны зууралдангийн ангиллыг харуулсан мэдээлэл юм. Өвлийн улирал дахь зууралданги 0 буюу бага зууралдангитайгаас эхэлж 5, 10, 15, 20 гэж явсаар хамгийн өтгөн буюу 25 хүртэл байдаг.
Ар талд нь байх латин W үсэг нь (winter) өвлийн улиралд гэдгийг тодотгож өгч байгаа юм. Зуны улирал дахь зууралдангийн ангилал нь хамгийн багадаа 20-оос эхэлж 30, 40, 50, ба хамгийн өтгөн буюу 60 хүртэл байдаг.
Энэхүү зууралдангийн ангиллыг SAE – (Society of Automotive Engineers) буюу Автомашины Инженерүүдийн Холбооноос 1911 онд гаргасан байдаг. Гэхдээ энэ нь тосны зууралданги үзүүлэлтийг хэмжээг нэгжээр бус харин тодорхой нэр төрөл(хөдөлгүүрийн, хурдны хайрцагны г.м)-д харьяалагдах тосны зууралдангийг хооронд нь харьцуулсан үзүүлэлт гэж ойлгох хэрэгтэй.
Тосны савлагаан дээрх тэмдэглэгээ юуг илэрхийлдэг вэ?
Тосны чанар, тэдгээрийн зориулалт, нэр төрөл, стандартуудыг гаргадаг олон байгууллага, холбоод байдгаас API /Америкийн Нефть Судлалын Хүрээлэн/, ACEA / Европын Автомашин Үйлдвэрлэгчдийн Холбоо/, ILSAC /Олон Улсын Тосны Стандартжуулалт Баталгаажуулалтын Холбоо/ зэргийг дурьдаж болно.
Жишээ нь: ACEA-с хөдөлгүүрийн тосыг A-бензин хөдөлгүүр, B- дизель хөдөлгүүр бүхий суудлын тэрэг, C - хорт утаа шүүгч бүхий дизель хөдөлгүүр, E- дизель хөдөлгүүр бүхий ачааны автомашин гэж ангилсан байдаг. АPI-аас бензин хөдөлгүүрийн тосыг латины S үсгээр , харин дизель хөдөлгүүрийн тосыг C үсгээр тус тус төлөөлүүлээд, ард нь харгалзан A, B, C,…N зэрэг үсгүүдтэй хослуулсан байдгийг дэлхийд нэр хүндтэй брэндийн тосны савлагаа шошгон дээрээс харж болно.
Сүүлийн үеийн автомашинууд API болон бусад зэрэглэл тогтоодог байгууллагуудын сүүлийн үеийн зэрэглэлийг шаарддаг болсон. Жишээ нь, SA, SB-ээс SH дуустал тэмдэглэгээ бүхий хөдөлгүүрийн тоснууд зөвхөн 1996 он хүртэл үйлдвэрлэгдсэн автомашинд хамаатай бол SJ-нь 1996-2000 он хүртэл, SL–нь 2001-2004 онд үйлдвэрлэгдсэн автомашинд хамаардаг.
Харин 2005 оноос өнөөг хүртэл үйлдвэрлэгдэж байгаа автомашинуудад SM, 2011 оноос хойш үйлдвэрлэгдсэн авто машинуудад SN зэрэглэл тохирдог бөгөөд мөн өмнөх онуудын зэрэглэлийг бүрэн нөхдөг. Таван Богд Моторс ХХК-н оруулж ирдэг TOTAL брэндийн тос энэхүү SN зэрэглэлд хамаардаг.
Эдгээр мэдээллүүд тосны савлагаан дээр өгөгдсөн байдаг. Тос худалдан авахдаа дээрх чанар, стандарт ангиллуудыг харгалзан үзэж, сонголтоо хийх нь таны автомашины хөдөлгүүрийн эдэлгээнд тустай.
эх сурвалж: http://zowolgoo.blogspot.com