Hybrid машины тухай | Хайбрид машин гэдэг бол ерөнхийдөө хоёр болон түүнээс дээш тооны энергийн эх сурвалжаас хүч авч явдаг машиныг хэлнэ. Одоогоор дэлхийд Хайбрид машины дотроос Хайбрид Электрик Машин (HEV) хамгийн түгээмэл тархаад байгаа юм. Хайбрид Электрик машин нь Шатахуун (мөн түлш) болон электрон гэсэн 2 төрлийн хөдөлгүүр буюу мотортой. Цахилгаан мотор нь нэмэлт тусгай баттерэйгаар ажилладаг байна. | | Хэрхэн шатахуунд хэмнэлттэй, байгаль орчинд хор нөлөө багатай хэрнээ хүчин чадал, тав тух сайтай машин үйлдвэрлэх вэ гэдэг асуудал өнөө үед машин үйлдвэрлэгчдийн өмнө зайлшгүй тулгараад байгаа билээ. Мөн хот дотор машин хөдөлгүүрийнхээ хүчин чадлыг хэзээ ч бүрэн хэрэглэдэггүй. Харин бартаат зам, өгсүүр газар явахад маш хүчтэй хөдөлгүүр хэрэгтэй болдог. Гэтэл хүчтэй, том хөдөлгүүр маань шатахуун их хэрэглэхээс гадна байгаль орчинд хортой. |
Энэ бүх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Хайбрид машиныг зохион бүтээжээ. Хайбрид машин нь шатахуунд хэмнэлттэй, бага хэмжээний мотортой ч гэсэн хүч их шаардагдах газар нэмэлт электрон моторынхоо тусламжтайгаар хангалттай хүч гаргаж чаддаг байна. Мөн Хайбрид машин зогсох үед шатахуунаар ажилладаг мотор нь автоматаар унтарч, хурд багатай хотын замд явах үед зөвхөн цахилгаан мотороороо ажиллах зэрэг олон давуу талтай. Түүнээс гадна Хайбрид машин нь үүсгэсэн энергээ өөрөө дахин ашиглах журмаар ажилладаг тул ашигтай байж чаддаг байна.
- Хурд авах үед цахилгаан мотор нь баттерэйнд хуримлагдсан энергээ ашиглан шатахуун мотортой хамт ажилладаг. - Харин хурдаа саах болон тоормослох үед электрон мотор нь цахилгаан үүсгүүрийн үүрэг гүйцэтгэж баттерэйгаа эргүүлэн цэнэглэдэг. - Машин явж байх үед шатахуун моторын ялгаруулсан энергээр баттерэй нь автоматаар цэнэглэгдэж байдаг. - Зогсох үед шатахуун мотор өөрөө унтарч, хөдлөх үед электрон мотор ажиллаж, харин илүү их хүч шаардагдах үед шатахуун мотор өөрөө ажиллаж эхэлдэг. - Тоёота Приус, Форд Эскэйп зэрэг зарим Хайбрид машин нь хурд багатай явах үед зөвхөн электрон мотороор ажилладаг нь түгжрэл ихтэй хотын замд нэн тохиромжтой байдаг байна.
Хайбрид машин нь шатахуун бага зарцуулдаг, байгаль орчинд хор нөлөө багатай байдгаараа хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж буй тул дэлхий дахинд өргөн хэрэглэх болжээ. Гэхдээ уулын замаас илүү хотын замд ашигтай байдгийг энд сануулах нь зүйтэй. Хотын замд байн байн зогсож, олон удаа тоормос гишгэдэг нь Хайбрид машины баттерэйг сайн цэнэглэж өгдөг. Гэхдээ бартаат замд шатахуун мотор байнга ажиллах хэрэгтэй байдгаас болж шатахуун хэмнэлт бага байдаг. Хайбрид машины сул тал бол сэлбэг болон засвар нь үнэтэй хэвээр байгаа явдал юм. Ихэнх засварыг зөвхөн мэргэжлийн хүмүүс л хийх боломжтой байдаг. Харин саяхны нэгэн таатай мэдээ бол Тоёота Моторс корпорациас Приус машиныхаа баттерэйг илүү хямд өртөгтэй болгох алхамуудыг хийж байгаа ажээ. Хайбрид машинуудын дотроос хамгийн их эрэлт хэрэгцээ, гүйлгээтэй байдаг нь Тоёота Приус бөгөөд Тоёота Моторс корпораци Хайбрид машин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байгаа юм байна. Тоёота Приус 2010 хэмээх хамгийн сүүлийн энэхүү загвар нь 2009 оны 1сард худалдаанд гарч эхэлсэн байна. Дэвшилтэд талуудаас нь дурдвал дээвэр нь нарны эрчим хүчийг хуримтлуулдаг тусгай хавтантай болжээ. Энэ хавтангийн хуримтлуулсан энергээр халуун нартай өдөр машин асаагүй байсан ч сэрүүцүүлэгч нь автоматаар ажилладаг байна. Ингэснээрээ шатахуунд бүр ч их хэмнэлттэй болсон ажээ.
|