Термостатын үндсэн эвдрэл бол дутуу онгойх буюу гацах байдаг. Хэрвээ таны хөдөлгүүр дулаан хэмжигч датчиктай бол термостат эвдэрсэн тохиолдолд өндөр даралтыг заадаг. Хэмжигчгүй бол радиатораас уур гарах ба дотор салон руу халуунаар үлээхгүй болдог.
Зарим тохилдолд хөргөлтийн шингэн багасвал мөн дээрхийн адил шинж тэмдэг илэрдэг. Иймээс шингэнээ нэмэж үзээд адил байвал термостатаа солих шаардлагатай. Сүүлийн үеийн термостатууд нь халалтаас болж мотор цохихоос сэргийлж нээлттэй хэвээрээ гацаж эвдэрдэг болсон. Эрс тэс уур амьсгалтай манай нөхцөлд термостат таны хөдөлгүүрийн үнэнч туслагч бөгөөд түүнд анхаарлаа хандуулах нь маш чухал гэдгийг байнга санаж байгаарай. Жолооч нар зарим тохиолдолд автомашины мэдлэг дутмагаасаа болоод термостатаа холбоотой асуудал гарахад буруу шийдвэр гарган бүр дордуулах тохиолдол байдаг тул жишээ болгон доорх бичил зөвлөгөөг хүргэж байна.
Термостат авч хаях тухай.
Термостатаа гацсан байна гээд авч хаяхдаа үнэхээр гацсан эсэхийг нь эхлээд шалгасан нь дээр гэж бодож байна. Тийм учраас термостат шалгах тухай энгийн арга зааж өгье. Жижиг төмөр саванд ус хийгээд термостатаа хийчихээд буцалгаж үздэг. Термометр дүрж үзвэл бүр сайн. Хэдэн градуст онгойж байна гэдгийг харах хэрэгтэй. Хэрэв буцлахынхаа өмнөхөн онгойж байвал зүгээр гэсэн үг. Зарим термостат дээр хэдэн градуст онгойхыг нь биччихсэн байдаг. Хэрэв термостат чинь ажилгүй болсон байвал авч хаяхаасаа илүү шинээр сольсон нь дээр. Авч хаялаа гэхэд бас учир бий. Миний олж сонссоноор зарим моторынх авч хаялаа гээд ус халах нь зогсохгүй. Термостат хаалттай байна гэдэг нь хөргөх шингэнийг радиатороор сэлгүүлэхгүй богино эргэлтээр эргүүлж байна гэсэн үг. Ус халаад теомостат онгойнгуут юу болдог вэ, гэхээр миний харсан зарим машиныхаар бол нөгөө богино эргэлтийн нүхийг бүрэн хаагаад бүтэн эргүүлж байх шиг байдаг. Хэрэв та термостатаа авч хаячихаад хоосон буцаагаад боочихвол богино эргэлт, урт эргэлтийн нүх нь аль аль нь онгорхой үлдэж сайн хөргөхгүй байх үндэс бүрдэнэ гэж бодсон. Гэхдээ энэ нь мотор болгонд ижил биш юм шиг санагдсан. Термостат нь хаана яаж байрласан гээд хоолойнуудын бүтцээс хамаараад өөр өөр байдаг. Бүр болохоо байгаад дан урт эргэлтээр байнга эргүүлэе гэж бодоод байгаа бол эвдэрсэн термостатаа задлаад хаалтыг нь авч хаяад үзүүрт байдаг зүйлээрээ богино эргэлтийн нүхийг үргэлж хаалттай байхаар тохируулж буцаагаад тавьж болно. Тиймээс юуны өмнө өөрийнхөө моторыг юунаас болоод халаад байгааг юуны өмнө заавал тогтоож байж дараагийн арга хэмжээгээ аваарай гэж зөвлөе.