Автомашины хянаж, мэдээлэх хэрэгслүүд
Асаалтын түлхүүрийг залгасны дараа хянах, мэдээлэх хэрэгслүүд болон түүний датчикууд тэжээлээр хангагдаж ажиллаж эхэлнэ. Эдгээр нь аккумуляторын батерейн цэнэг, түлшний хэмжээ, хөдөлгүүрийн тосны даралт, хөргөх шингэний температур, автомашины хурд, гүйлт зэргийг дэмжиж жолоочид мэдээлж байдаг. Дээрх мэдээллийг жолоочид дамжуулахдаа гэрэл, аналог болон тоон заалт бүхий мэдээлэгчүүдийг ашигладаг.
1. Гүйдэл хэмжүүр
Генератороос гарч батерейд дамжих гүйдлийн урсгал нь гүйдэл хэмжүүрийн хэлхээгээр дамжих явцдаа ороомогт цахилгаан соронзон оронг үүсгэдэг. Уг соронзон орон нь тогтмол соронзонд үйлчилснээр түүнтэй бэхлэ ягдсэн зүүг баруун тийш хөдөлгөдөг. Харин батерейнээс гарах урсгал нь зүүг зүүн тийш эргүүлнэ.
2. Тосны даралт хэмжүүр
Даралтны датчикийг хөдөлгүүрийн блогт боож өгдөг. Датчикийн дотор хэсэгт дамжих тос нь пүрш бүхий өрцийг шахаж өгснөөр резисторын гулсагчийг шилжүүлдэг. Уг резисторын эсэргүүцлээс хамаарч мэдээлэгч доторх хос ороомгийн гүйдлийн тэнцвэр өөрчлөгддөг. Энэ үед үүсэх соронзон туйлшрал нь зүүг шилжүүлэх хүчийг бий болгоно.
3. Температур хэмжүүр
Хөдөлгүүрийн температурыг термистор гэж нэрлэгддэг хагас дамжуулагчийн тусламжтайгаар хэмждэг. Хөргөх шингэний температур ихсэх үед термисторын цахилгаан эсэргүүцэл багасаж харин мэдээлэгч доторх ороомгоор гүйх гүйдэл ихэсдэг. Их гүйдлийн нөлөөгөөр ороомог хална. Улмаар биметалл татуурга нь тахийж зүүг хөдөлгөснөөр температур ихсэхийг жолоочид мэдээлдэг.
4. Хурд хэмжүүр
Хурд хэмжүүрийн уян холбоос нь хурдны хайрцгийн 2р голтой холбогддог. Автомашины хурд ихсэх үед уян холбоосны үзүүрт байх тогтмол соронзонгийн эргэх хурд нэмэгддэг. Энэ үед тогтмол соронзонгоос түүний гадна байрлах металл аягыг түлхэх хүч ихсэнэ. Харин дээрх хүч нь аягатай нэг гол дээр бэхлэгдэх тавган пүршний эсэргүүцлийг давж эргүүлснээр зүү дагаж шилждэг.
5. Гүйлт хэмжүүр
Хурд хэмжүүрийн гол дээрх шураг нь одометрийн гүйлт хэмжүүрийн араануудыг эргүүлдэг. Гүйлтийг хурд хэмжүүрийн уян холбоосны эргэлтийн тооноос хамаарч хэмждэг. Өөрөөр хэлбэл автомашин 1 км газар явахад гүйлт хэмжүүрийн эхний хүрд нэг бүтэн эргэдэг. Эхний хүрд бүтэн эргэхэд хоёр дахь хүрд нэг тоогоор эргэдэг. Цаашид дээрх зарчмаар хүрднүүд эргэж гүйлтийн хэмжээг тооцоолдог.